МУ-ын Ардын багш, доктор, профессор, ШУТИС-ийн хүндэт доктор, БАС-ийн Барилгын конструкцийн тэнхимийн (Барилгын инженерийн салбар) анхны эрхлэгч асан Гончигийн Базарын нэрэмжит танхимын нээлт

Г.Базар багш нь Монголд бэлтгэгдсэн анхны инженерүүдийн нэг бөгөөд ШУТИС-ийн мэргэжлийн ууган тэнхим Барилгын инженерийн салбарыг үүсгэн байгуулагч анхны багш нарын нэг байсан юм. 1961 онд сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1962 оны 1 сарын 09-ний өдрийн СнЗ-ийн тогтоолоор Барилгын конструкцийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн байна.

 Ажиллах хугацаандаа барилгын инженерийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх анхны шанг таталцаж, инженерийн онолын суурь хичээл, барилгын бүтээц, барилгын механик буюу байгууламжийн шинжилгээ, төмөрбетон бүтээц, орон зайн төмөрбетон бүтээц, модон бүтээц зэрэг хичээлүүдийг оюутандаа заан сургаж, тэдгээрийн онол ба тооцооны ном сурах бичиг, гарын авлагыг туурвисан нь одоо ч суралцагч, багш, инженер техникийн ажилтны гарын авлага материал болсоор байна.

 

Г.Базар багшийн нэрэмжит танхимыг тохижуулах үйлсэд профессор багш нар, үе үеийн төгсөгч шавь нараас хандив өргөж, цаашид оюутны суралцах тав тухтай нөхцөлийг бүрдүүлж өгсөнд БАС-ийн Барилгын инженерийн салбарын хамт олон гүнээ талархаж байна.

Багшийн маань үндэслэсэн эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.