Тус салбар нь Монгол улсад инженер, технологийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган салбар бөгөөд өнөөдөр “Барилгын инженер”, “Барилгын менежмент” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна.
Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженерийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг 2005, 2013 онд, магистрын сургалтын хөтөлбөрийг 2007 онд улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн бөгөөд бакалаврын сургалтаар инженер техникийн салбарт магадлан итгэмжлэгдсэн анхны хоёр мэргэжлийн хөтөлбөрийн нэг нь Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн сургалтын хөтөлбөр болсон юм.
Бакалаврын хөтөлбөр:
“Барилгын инженер”-ийн бакалаврын хөтөлбөр нь дараах мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгож байна.
- “Иргэний ба үйлдвэрийн барилга” /өдөр, эчнээ сургалтаар/
- “Авто замын барилга”
- “Усны барилга, байгууламж”
- “Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи”
- “Гүүрийн барилга”
- “Бетон, төмөр бетоны технологи”
“Менежмент” бакалаврын хөтөлбөрийн “Барилгын менежмент” мэргэжлийн сургалтыг хариуцан хэрэгжүүлдэг.
БАРИЛГЫН ИНЖЕНЕР хөтөлбөрийн сургалтын зорилго:
Онолын үндэслэл сайтай мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэшлийн өндөр чадвартай, судалгаа хийх, зохион байгуулах мэдлэг, чадварыг практик дээр хослуулан эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч бакалаврын зэрэгтэй барилгын инженерийг бэлтгэх.
БАРИЛГЫН ИНЖЕНЕР хөтөлбөрийн сургалтын зорилтууд:
- Шинжлэх ухаан, технологи, инновацийг хэрэгжүүлж салбар, байгууллагын хөгжлийг шинэ түвшинд хүргэхүйц инженерийн орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмшүүлэх;
- Онолын мэдлэгийг практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх дадал, чадвар эзэмшүүлэх;
- Туршилт, судалгаа хийх арга барил эзэмшүүлэх;
- Барилгын инженерийн технологийг эзэмшсэн, манлайлах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх.
БАРИЛГЫН ИНЖЕНЕР хөтөлбөрийн суралцахуйн үр дүн :
Барилгын инженерийн хөтөлбөрөөр амжилттай суралцан төгсөгч нь дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:
- Математик, байгалийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг;
- Барилгын инженерийн суурь мэдлэг;
- Барилгын инженерийн мэргэшсэн түвшний мэдлэг;
- Барилгын төслийн удирдлагын талаарх ойлголт;
- Барилга, байгууламжийн туршилт шинжилгээ хийх, үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах чадвар;
- Нийгэм, эдийн засаг, эрүүл ахуй, хүмүүсийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны нөлөөг бодолцон барилга байгууламжийг төсөллөх чадвар;
- Багаар ажиллах чадвар;
- Мэргэжлийн ном, сурах бичгийг гадаад хэл дээр ашиглах чадвар;
- Мэргэжлийн асуудлыг танилцуулах, тайлбарлаж ойлгуулах чадвар;
- Барилгын ажилд дэвшилтэт болон цахим арга хэрэгслийг хэрэглэх чадвар;
- Ахисан түвшинд болон мэргэжил дээшлүүлэхээр суралцах чадвар;
- Барилгын төслийг гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйг баримтлах чадамж;
Олон улсын ангиллаар “D073202” кодтой“ “Барилгын инженер” хөтөлбөрөөр дээрх мэргэжлийн ангийн оюутнууд эхний 2 жилд ерөнхий суурь хичээлүүд болон мэргэжлийн суурь хичээлийн ихэнхийг цөм хөтөлбөрөө судална. Барилгын инженерийн салбар хөтөлбөрийн энэ хэсгийн хэрэгжилтийг хариуцан зохицуулах үүрэг хүлээхийн хамт “Иргэний ба үйлдвэрийн барилга”, “Барилгын менежмент” мэргэжлүүдийн мэргэшүүлэх хичээлийн сургалтыг бүрэн хариуцдаг.
Магистрын хөтөлбөрүүд:
- “Барилгын инженер”
- “Барилгын геотехник”
- “Хөрсний механик ба буурь суурь”
- “Байгууламжийн шинжилгээ”
- “Барилгын үйлдвэрлэлийн технологи”
- “Барилгын бүтээц эдлэлийн технологи”
Докторын хөтөлбөрүүд:
- “Барилгын инженер”
- “Хөрсний механик ба буурь суурь”
- “Барилгын геотехник”
- “Байгууламжийн шинжилгээ”
- “Барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт”
- “Барилгын бүтээц эдлэлийн технологи”
Барилгын инженерийн хамтарсан хөтөлбөр:
Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы их дээд сургуулиудын төлөөллүүдийг багтаасан консорциумтай хамтран “Барилга, Хүрээлэн буй орчны инженер”-ийн хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулан 2015 оны намрын улирлаас хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрт элссэнээр эхний 2,5 жил ШУТИС-д суралцан, үргэлжлүүлээд 2 жил Японы их, дээд сургуулиудад суралцан дүүргэснээр хоёр сургуулийн бакалаврын хос дипломтой төгсөх боломж нээгдсэнээр 2021 он хүртэл 3 төгсөлтийг хийгээд байна.