Захирлын мэндчилгээ

ШУТИС-ийн  ууган бүрэлдэхүүн сургуулиудын нэг Барилга, Архитектурын Сургууль нь 1959 онд Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн ангийг МУИС-д нээж, Математик, Физикийн 3-р ангиас 23 оюутныг шилжүүлэн суралцуулж эхлэсэн тэр үеэс хойш өдгөө 60 гаруй жилийн түүхийг бүтээгээд байна.

Энэ хугацаанд  олон мянган инженерүүд барилгын салбарын бүхий л мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэргийн сургалтаар төрөн гарч, улс орныхоо хөгжлийн өнгийг тодорхойлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваад профессор, эрдэмтэн багш нарын нэгэн адил сэтгэл хангалуун байдаг.

XXI зуунд дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн IV хувьсгалыг хэрэгжүүлж, технологийн шинэ эрин үетэй золгож, хором бүрт дэвшилтэд техник, технологиуд хэдэн мянгаараа бий болж, инноваци үйлдвэрлэлд тасралтгүй нэвтэрч байна.  

Барилга, Архитектурын сургууль нь Монгол улсад технологийн багтаамжтай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, чадварлаг, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн инженер техник, технологийн ажилтан бэлтгэн гаргах зорилтыг тавин ажилладаг.  

Тус сургуулийн профессор, эрдэмтэн багш нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л секторт тэр дундаа барилгын салбарт инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох, барилгын салбарт тогтвортой хөгжлийг бий болгох чиглэлээр эх орны түүхий эдийг  боловсруулах, барилгын ажлын улирлын нөлөөллийг багасгах, газар хөдлөлт, үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй зам, гүүрийн барилга, байгууламжийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид 2030 он хүртэлх хөгжлийн стратегийн зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн дэлхийн нэр хүндтэй  их сургууль, судалгааны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, судлаач багш, оюутны оролцоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх, хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө профессор, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид болон бакалавр, магистр, докторын түвшиний нийт суралцагч та бүхэн идэвхи санаачилгатай, бүтээлч сэтгэлгээгээр хандах нь чухал тул бидэнд хамтдаа эдгээрийг хэрэгжүүлэх нэгдсэн зорилго, нэгдмэл хүсэл, тэмүүлэл бий гэдэгт итгэж байна. 

Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд тань амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

ШУТИС-ийн Барилга, Архитектурын  сургуулийн захирал

Батмөнхийн Нарантуяа