Мэргэжлийн онцлог, ажлын байр

БАС-ийн мэргэжил, тэдгээрийн онцлог

Архитектур:Иргэний барилгын архитектур, Хот байгуулалтын архитектур, Ландшафтын чиглэлээр мэргэшин архитектор цолтой төгсөнө. Бакалаврын зэрэгтэй төгсөгч нь орон сууц, олон нийтийн барилгын болон суурин газрын төлөвлөлтийн үндсэн зарчим, хэтийн төлөвийг тодорхойлох онол практикийн мэдлэгтэй, хүний амьдрах орчины архитектур, орон зайн төлөвлөлт боловсруулах, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний санаа гаргах, оновчтой шийдлийг эскиз болон ажлын зураглалаар илэрхийлэх чадвартай болж зураг төслийн байгууллагад зураг төслийн ажлыг удирдах, төслийн судалгааны багт орж ажиллах, хот аймгийн захиргаа бусад байгууллагад ерөнхий архитектораар ажиллах дадал ур чадварыг эзэмшинэ.

ИРГЭНИЙ БА ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА:Барилгын буурь, суурь, материал, барилга барих процесс ба ажлын технологи, зохион байгуулалт, бүтээцийн тооцоо, төсөллөлт, үйлдвэрлэлийн менежмент чиглэлээр мэдлэг дадал олж барилгын үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдах, зураг төсөл боловсруулах, хяналт шинжилгээ хийх ур чадварыг эзэмшин төгсөнө. Энэ мэргэжлээр төгсөгч нь барилга угсралтын байгууллага, захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагад угсралтын инженер, хяналтын инженер, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженерээр ажиллах, зураг төслийн байгууллагад зохион бүтээгч инженер, хувийн хэвшлийн болон төрийн өмчийн байгууллага, компанид барилга, байгууламжийн ашиглалтын инженерээр тус тус ажиллах боломжтой.

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ:Орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэн барилгын материал, бүтээц эдлэл үйлдвэрлэх, түүнд орох материалын зохистой найрлагын тооцоог хийж механик болон дулаанаар боловсруулах технологийн зохистой горим тогтоох зэрэг техникийн болон чанар хяналтын системчилсэн мэдлэг арга зүйг эзэмшинэ. Ялангуяа орчин үед бетон, төмөр бетоны бүтээц эдлэлээр, цутгамал арга технологоор барилга баригдах болсон тул түүний бүрэлдэхүүнийг тохируулах, зохистой горим тогтоох, барилгын материалын бусад нэр төрлийн материал үйлдвэрлэх, төсөллөх цэгцтэй мэдлэг чадвар олж авах нь чухал болж байна. Энэ мэргэжлээр төгсөгчид төмөр бетон завод, хөнгөн бетон, ханын материал болон бусад уламжлалт ба шинэ нэр төрлийн материалын үйлдвэрт технологи инженер, лабораторын болон хяналтын инженер, үйлдвэрийн чанарын менежер, үйлдвэрийн техник шинжлэх ухааны бодлого хариуцсан багийн ахлагчаар ажиллах бүрэн боломжтой.

АВТО ЗАМЫН БАРИЛГА: Барилгын инженерийн суурь мэдлэг, автозамын далан, хучилтын материал, замын хөдөлгөөний онол, замын байгууламжийн төсөл тооцоо, замын үйлдвэрлэлийн болон талбайн технологи, засвар шинэчлэлт, ажлын зохион байгуулалт чиглэлээр үндсэн мэдлэг, дадал олж аван, замын барилга үйлдвэрлэл удирдах, зураг төсөл боловсруулах, төсөв зохиох ур чадвар эзэмшин төгсөнө. Төгсөгч нь Автозамын салбарт автозамын барилгын инженерээр ажиллах буюу материалын инженер, талбайн инженер, хэмжилтийн инженер, зураг төсөл боловсруулдаг төслийн инженер, хяналтын инженер, ашиглалтын инженер, хиймэл байгууламжийн инженер, төсөвчин, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил үүрэг гүйцэтгэх боломжтой.

ГҮҮРИЙН БАРИЛГА: Барилгын инженерийн суурь мэдлэг, гадаргын урсацын геологи-гидрологи судлал, зам-гүүрийн материал, замын хөдөлгөөний онол, гүүрэн байгууламжийн төсөл тооцоо, гүүрийн бүтээц эдлэлийн үйлдвэрлэл, гүүрийн барилгын ажлын технологи, засвар шинэчлэлт, ажлын зохион байгуулалт чиглэлээр үндсэн мэдлэг, дадал олж аван, гүүрийн барилга үйлдвэрлэл удирдах, гүүрийн тооцоо, зураг төсөл боловсруулах, төсөв зохиох ур чадвар эзэмшин төгсөнө. Төгсөгч нь Автозамын салбарт гүүрийн барилгын инженерээр ажиллах буюу материалын инженер, талбайн инженер, хэмжилтийн инженер, зураг төслийн инженер, хяналтын инженер, ашиглалтын инженер, төсөвчин, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил үүрэг гүйцэтгэх боломжтой.

БАРИЛГЫН МЕНЕЖМЕНТ: Барилгын удирдлагын чиглэлээр үндсэн мэдлэг эзэмшин барилга байгууламжийг төсөллөх хийгээд барилгын төрөл бүрийн ажлыг гүйцэтгэх, барилгын өртөг зардлыг тооцоолох түүнчлэн барилга ба барилгын байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх чадвартай болж төгсөнө.         

ХАЯГДЛЫН ИНЖЕНЕР:Хог хаягдлын талаархи төрийн бодлогын хэрэгжилтыг хангах, хог хаягдал үүсэхээс зайлсхийх, хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой, аюултай хүчин зүйл-нөлөөллийг бууруулах, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, түүхий эдийн эх үүсвэр болгон дахин ашиглах менежментийг сайжруулах чиглэлээр онолын мэдлэг болон дадлага эзэмшсэн, эрдэм шинжилгээний зураг төсөл боловсруулах, хаягдал боловсруулах барилга, байгууламжийн угсралт, ашиглалтын ажлыг зохион байгуулж удирдах чадвартай мэргэжилтэн болж төгсөнө. Төгсөгч нь төр захиргааны байгууллагын тусгай мэргэжилтэн, зураг төслийн инженер, хаягдал боловсруулах үйлдвэрийн технологи инженер, байгаль орчны үнэлгээний байгууллагын мэргэжилтэн зэрэг албан байгууллагад ажиллана.

УС  ХАНГАМЖ УС ЦЭВЭРЛЭГЭЭ: Усны нөөц баялгыг зөв зохистой ашиглах, нөөцөд үнэлгээ өгөх, усыг цэвэрлэн цэнгэгжүүлэх, уснаас учруулж болох хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, ахуйн болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх, дахин болон давтан эргүүлэн ашиглах зэрэг Ус Хангамж, Ус Цэвэрлэгээ мэргэжлийн талаар онолын болон практикийн өндөр мэдлэг чадвар эзэмшиж эрдэм шинжилгээ-зураг төслийн болон угсралт, ашиглалтын байгууллагад инженерээр ажиллана.

ХАЛААЛТ АГААР СЭЛГЭЛТ: Барилга байгууламж, орон сууцны өрөө тасалгаанд ажиллаж амьдрах, үйлдвэрлэл-технологийн үйл ажиллагаа хэвийн явуулах дотор агаарын таатай орчин нөхцөл үүсгэн тогтвортой хадгалах, хот суурингийн хэрэглэгчдийг дулаанаар хангах, шаардлагатай агаарын солилцооны систем боловсруулах чиглэлээр суралцан шинжлэх ухааны онолын болон практик хэрэглээний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн болж төгсөх бөгөөд энэ салбарын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах бүхийл байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллагад Халаалт-Агаар-Сэлгэлтийн системийн угсралт, ашиглалтын инженерээр ажиллах бүрэн боломжтой юм.

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ:Инженерийн суурь боловсрол, усны барилга байгууламжуудын талаар үндсэн мэдлэг эзэмшиж,  усны барилга байгууламжийн үйлдвэрлэлийг удирдах,  барилгын ба усны ашиглалтанд мэргэжлийн хяналт тавих чадвартай болж төгсөнө. Мөн усан цахилгаан станцын мэргэжлээр суралцах боломжтой.

УСНЫ МЕНЕЖМЕНТ: Усны нөөцийг төлөвлөх, менежмент хийх, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтанд мэргэжлийн хяналт тавих, аудит хийх, үнэлгээ, дүгнэлт гаргах, усны эх үүсвэр, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, усны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ хийх чиглэлээр усны менежер, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажил явуулах чадвартай мэргэжилтэн болж төгсөнө.