БИС-Түүхэн товчоон
- 1959 оны 3сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар тогтоолоор Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт инженерийн анхны салбар болох барилгын инженерийн салбарын үндэс болсон Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн ангийг Монгол улсын их сургуульд нээсэн билээ.
- 1961 оны 9 дүгээр сараас Байгалийн ухааны факультетын бүрэлдэхүүнд МУИС-ийн Ректорын 432 тоот тушаалаар Инженерийн тэнхимийг байгуулж эрхлэгчээр нь Г.Рэнчиндоржийг томилжээ.
- МУИС-д 1962 онд Барилгын конструкцийн тэнхим байгуулагдан, Барилгын инженерийн салбарын түүхэн замнал эхэлсэн юм.
- 1964 оны 2 дугаар сард Барилгын үйлдвэрлэлийн тэнхимийг байгуулсан.
- 1969 оны 7 дугаар сарын 17–ны өдөр БНМАУ–ын Сайд нарын Зөвлөлийн 247 дугаар тогтоол ба Ардын Боловсролын Яамны сайдын 279 дугаар тушаалаар ПДС-ийг МУИС–ийн бүрэлдэхүүнд зургаан факультет мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 тэнхимтэйгээр байгуулсны нэг нь Барилгын инженерийн факультет байв.
- 1976 онд МУИС –ийн ректорын тушаалаар БИФ-ийг Барилга-Архитектурын факультет, Сантехник, гидроинженерийн факультет гэсэн хоёр факультет болгон өөрчлөн зохион байгуулжээ.
- 1982 онд Барилга архитектурын факультет нь Барилгын конструкци, Барилгын үйлдвэрлэл, Архитектур, Дүрслэх зураглалын 4 тэнхимтэй байв.
- 1991 онд Дархан хотод Техникийн их сургуулийн (ТИС) салбарыг нээх үед Барилгын материалын үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалтыг шилжүүлснээр Дарханы Технологийн сургуульд мөн барилгын материалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
- 1995 онд Барилгын үйлдвэрлэлийн тэнхимтэй нэгдэж Барилгын конструкци, технологийн тэнхим гэж нэрлэгдэх болжээ.
- 2001 онд ТИС-ийг Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болгон өргөтгөн зохион байгуулахад БИС түүний бүрэлдэхүүн сургууль байж профессорын 11 багтай болсоноос Барилгын инженерийн салбарт Барилгын конструкцийн профессорын баг, Байгууламжийн шинжилгээ, зураг төслийн автоматжуулалтын професорын баг, Геотехникийн профессорын багууд харьяалагдаж байсан.
- 2014 онд бүтцийн өөрчлөлтөөр Барилгын конструкцийн профессорын баг, Байгууламжийн шинжилгээ, зураг төслийн автоматжуулалтын професорын баг, Геотехникийн профессорын баг, Барилгын технологи менежментийн багууд нэгдэж Барилгын инженерийн салбар болсон.
- 2021 онд Барилга, Архитектурын Сургуулийн бүтцийн өөрчлөлтөөр Барилгын материалын профессорын багийн багш нар тус салбарт нэгдсэн.