Монголын Хөрсний механик геотехникийн нийгэмлэг Олон улсын Хөрсний механик, геотехникийн нийгэмлэг ( ISSMGE )-ийн гишүүн боллоо

Монголын Хөрсний механик геотехникийн нийгэмлэг Олон улсын Хөрсний механик, геотехникийн нийгэмлэг ( ISSMGE )-ийн гишүүн боллоо

     ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвийн захирал  БАС-ийн профессор С.Нямдоржийн Тайван улсын Тайпей хотод 2019.10.14-18-ны хооронд зохион байгуулагдсан Олон Улсын Хөрсний Механик ба Геотехникийн нийгэмлэг (ISSMGE)-ийн Ази-Европын бүсийн 16-р ЭШ-ийн хуралд оролцоод ирлээ.Тус хуралд дэлхийн 37 орны 889 эрдэмтэн судлаачид оролцов.

 

    2019.10.14-ны өдөр. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, олон орны тэргүүлэх профессоруудын лекц сонсож, эрдэмтэн судлаачдын илтгэлийн  хэлэлцүүлэгт оролцон  “Монгол орны төвийн бүсийн суумтгай хөрсний барилгын шинж чанарын онцлог,барилгын буурь суурь оновчтой төсөллөх  асуудалд” сэдэвт илтгэл  хэлэлцүүлэв.

    

ISSMGE-ийн гишүүн орнуудын газар зүйн байршил, хуралд оролцсон орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тухай мэдээлэл

2019.10.15-ны өдөр. Өмнөт Африкийн Кемп-Таун хотод 2019.10.05-нд хуралдсан Олон улсын Хөрсний механик ба Геотехникийн нийгэмлэг (ISSMGE)-ийн ээлжит  хурлаар хэлэлцэн гишүүн орнуудын олонхийн саналаар Монгол, Узбекистан, Филлипин, Тайланд улсуудын Хөрсний механик геотехникийн нийгэмлэг, холбоодыг ISSMGE-ийн гишүүнээр элсүүлсэн тухай шийдвэрийг ISSMGE-ийн Ази-Европын бүсийн ерөнхийлөгч Солонгосын Иеончёны үндэсний их сургуулийн профессор Ёон Чул Шин танилцуулж, шинэ гишүүн орнуудын Хөрсний механик геотехникийн нийгэмлэг, холбоодод баяр хүргэж, амжилт хүсэв.

Монголын хөрсний механик геотехникийн нийгэмлэгийг ISSMGE-ийн гишүүнээр  элсүүлсэнд гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс гүн талархал  илэрхийлж, нийгэмлэгийн  үйл ажиллагаа ба ШУТИС-ийн талаар, Монгол орны хөрсний инженер геологийн нөхцөл, барилга байгууламжийн буурь суурь байгуулалтын тухай товч үг хэлэв.

     Монголын хөрсний механик геотехникийн нийгэмлэг ISSMGE-ийн гишүүн болсноор манай орны судлаачид, инженерүүд  дэлхийн олон орны эрдэмтэд судлаачдтай хамтран ажиллах,тэднээс суралцах ,олон улсын ЭШ-ний хурал, бусад арга хэмжээнд гишүүний статустайгаар оролцох, өөрсдийн судалгааны бүтээлийг олон улсын хянагддаг сэтгүүлд хэвлүүлэх таатай боломж нээгдэж байна.Та бүхнийг эдгээр үйл ажиллагаанд идвэхитэй оролцох, бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

     2019.10.15-нд болсон 2023 онд болох дараагийн хурал зохион байгуулах Улс, хот сонгох санал хураалтанд ISSMGE-ийн гишүүн MонSSMGE-г төлөөлөн оролцов. 2023 онд зохион байгуулагдах Ази-Европын бүсийн 17-р ЭШ-ний хурлыг Казакстан улсын нийслэл Нур-Султан (хуучин нэрээр Астана) хотод зохион байгуулах шийдвэр гарлаа.

     2019 оны 10-р сарын 16-17-ийн өдрүүдэд тус хурлын лекцууд, илтгэлүүдийг сонсож дэлхийн олон орнуудад хийгдэж буй геотехникийн судалгаа, том хэмжээний барилга, инженерийн  байгууламжуудын геотехникийн шийдлийн тооцооны аргачилал үр дүнтэй танилцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэв. Олон орны Геотехникийн эрдэмтэдтэй уулзан танилцаж Монгол улс ба ШУТИС-ийг сурталчилж танилцуулав. Тэднээс хамгийн нэр хүндтэй, дэлхийн I ноймерийн барилгын газар хөдлөлтийн мэргэжилтэнээр хүлээн зөвшөөрөгдсөн Токиогийн үндэсний их сургуулийн  профессор  Кенжи Ишихара гуайг ШУТИС-ийн БАС-д жил бүр зохион байгуулдаг ОУ-ын ЭШ-ний Геотехникийн хуралд ирж оролцохыг урьхад, зөвшөөрсөн. 

     Ийнхүү 2019 оны 10-р сарын 14-18-ны хооронд зохион байгуулагдсан ISSMGE-ийн Ази-Европын бүсийн орнуудын ЭШ-ын 16-р хуралд оролцож хөтөлбөрт заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэж ирлээ. 

                        Монголын хөрсний механик, геотехникийн холбооны ерөнхийлөгч  С.Нямдорж