БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэхэд оршдог.

Энэ удаагийн хурлыг “Бодь пропертийз” ХХК ивээн тэтгэж оролцов.

Үнэлгээний комисст БАС-ийн ЭНБ дарга Б.Аюурзана, “Бодь пропертийз” ХХК-ийн хяналт Чанар хяналт зураг төслийн хэлтсийн захирал М.Жамбалсүрэн, БАС-ийн салбарын эрхлэгч Р.Болормаа, профессор М.Сугар, дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, дэд профессор Б.Лхагвадулам, дэд профессор Н.Насанбаяр нар ажиллаж судлагдсан байдлын дүгнэлт эшлэл, шинжлэх ухааны агуулга түвшин, үр дүн шинэлэг тал онол практик ач холбогдол, илтгэлийн чанар өгүүлэл стандарт баримталсан эсэх, асуулт хариулт гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэлээ.

Хурлын эхэнд Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгч Р.Болормаа “Судлаачийн ёс зүй” сэдэвт зочин лекцийг нийт оролцогч оюутнуудад зориулан уншив. Мөн “Бодь пропертийз” ХХК-ийн хяналт Чанар хяналт зураг төслийн хэлтсийн захирал М.Жамбалсүрэн өөрийн компанийн танилцуулга, компанийн хэрэгжүүлсэн томоохон төслийн ажлууд болон компанийн алсын хараа, зорилтуудын талаар танилцуулга хийв.

Магистр оюутны хурлын Тэргүүн байрыг Архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ удирдагчтай Архитектур мэргэжлийн магистрант О.Одончимэг ”Улаанбаатар хотын хотожсон орчны салхины урсгалын нөлөөллийн судалгаа” сэдэвт илтгэлээр;

Дэд байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Мөнхбаяр удирдагчтай Халаалт агаар сэлгэлт кондиционер мэргэжлийн магистрант А.Баярчимэг ”Монгол орны нөхцөлд эрчим хүч эргүүлэн ашиглагчтай агаар сэлгэлтийн системийн үр ашгийн судалгаа” сэдэвт илтгэлээр;

Гутгаар байрыг Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор М.Цас-Оргилмаа удирдагчтай Авто замын инженерчлэл мэргэжлийн магистрант С.Анударь “Карбон файбер материал ашиглан хүчитгэсэн төмөрбетон дамнурууны даацын тооцоо” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.

              

Тэргүүн байр эзэлсэн магистрант О.Одончимэгт “Бодь пропертийз” ХХК-ийн 800 000 төгрөг, кредитийн урамшууллыг, дэд байр эзэлсэн А.Баярчимэгт “Бодь пропертийз” ХХК-ийн 400 000 төргөг, кредитийн урамшууллыг, гутгаар байр эзэлсэн С.Анударьд “Бодь пропертийз” ХХК-ийн 300 000 төгрөг, кредитийн урамшууллыг гардуулав.

Доктор оюутны хурлын Тэргүүн байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор Б.Лхагвадулам удирдагчтай Усан хангамж ус цэвэрлэгээ мэргэжлийн докторант Д.Тэргэл “Органик хаягдлаас био хий үйлдвэрлэх судалгаа” сэдэвт илтгэлээр;

Дэд байрыг Архитектурын салбарын ахмад багш И.Гончигбат удирдагчтай Архитектур мэргэжлийн докторант Н.Нарантуяа ”Улаанбаатар хотын архитектур төлөвлөлт ба хотын өвчин” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.

Тэргүүн байр эзэлсэн докторант Д.Тэргэлд “Бодь пропертийз” ХХК-ийн 800 000 төгрөг, кредитийн урамшууллыг, дэд байр эзэлсэн Н.Нарантуяад “Бодь пропертийз” ХХК-ийн 400 000 төргөг, кредитийн урамшууллыг гардуулав.

Ивээн тэтгэж оролцсон “Бодь пропертийз” ХХК-д талархал илэрхийлье.

Нийт шалгарсан судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША