“S-Quad” төслийн хүрээнд ШУТИС-БАС-д “Хот төлөвлөлтийн симуляцийн лаборатори” -н нээлт амжилттай боллоо.

ШУТИС-ийн БАС-д шинээр лаборатори байгуулав

БНСУ-ын засгийн газар, КОЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 5 сая ам.долларын санхүүжилттай ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хамтарсан “Монголын хот байгуулалтын салбарын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх S-Quad (2022 -2027) төсөл” хэрэгжиж байна. “S-Quad” төслийн хүрээнд ШУТИС-БАС-д мэргэжлийн түвшинд ашиглагддаг тоног төхөөрөмж, программ хангамж бүхий “Хот төлөвлөлтийн симуляцийн лаборатори”, “Солонгос-Монголын хот байгуулалтын хамтын ажиллагааны төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 3-р сарын 5-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал Т.Намнан, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч И Кан Сан, Сөүлийн Үндэсний Их Сургуулиас профессор Ким Жае Ён, профессор Ёнгсанг Квон, профессор Ли Ин Кён, Барилга, Архитектурын Сургуулиас захирал Б.Нарантуяа болон захирлын зөвлөлийн гишүүд болон бусад профессор, багш, судлаачид, зочид төлөөлөгчид оролцов.

“S-Quad” төсөл нь Монгол улсад тогтвортой (Sustainable), аюулгүй (Safe), ухаалаг (Smart) хотыг хөгжүүлэхэд хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуультай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдэд богино болон урт хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах олон талт үйл ажиллагааг төлөвлөн явуулж байна. Үүнээс зарим онцлох ажлуудыг дурдвал:

  • Сургалтын хөтөлбөр

“Хот ба бүс нутгийн төлөвлөлт” магистрын хөтөлбөрийг шинээр боловсруулж 2023 оны Намрын улирлаас 18 оюутан элсэн суралцаж байна. Доктор, бакалаврын хөтөлбөрийг БМИҮЗ -ийн урьдчилсан магадлан итгэмжлүүлэх ажил одоо хийгдэж байна.

  • Хамтарсан хөтөлбөр

Тус мэргэжлээр ШУТИС-ийн БАС-д элсэн суралцаж буй магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй оюутан нь хамтарсан хөтөлбөрт суралцах боломжтой. Хамтарсан хөтөлбөрийн магистр (1+1), доктор (2+2) суралцагч нь Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС-ийн хос дипломтой төгсөнө. (Магистрын хөтөлбөрт суралцагсдад сард 1.8 сая вон, докторт суралцагсдад сард 2.5 сая воны тэтгэлэг олгоно)

  • Тэтгэлэг

Магистрын хөтөлбөрөөр суралцагсдад сургалтын төлбөрийн тэтгэлэг (хичээлийн улирал тус бүрд амжилттай суралцсан оюутнуудад 100%, 50%) олгоно.

  • Дадлагын хөтөлбөр

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад дадлага хийлгэж сард 500000 вон хүртэлх цалин олгоно.

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэтгэлэг

ШУТИС-ийн БАС-ийн профессор, багш ажилтан, ахисан түвшний оюутнуудыг хамруулан жилд 3 шилдэг судалгааны төсөл шалгаруулж, төсөл тус бүрд 10 сая воны санхүүжилт олгоно.

Оюутнуудад тусламж, тэтгэлэг нийтдээ 1.036 сая ам.доллар байна. ‎

  • Богино хугацааны сургалт

Монгол улсын хот байгуулалтын салбарын төрийн үйлчилгээ гүйцэтгэж буй мэргэжилтнүүдээс сонгон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна. Суралцагч оюутнуудад практик ойлголт өгөх зорилгоор гадаадын болон дотоодын нэр хүндтэй, туршлагатай эрдэмтэн судлаач, мэргэшсэн хот төлөвлөгчдөөр лекц уншуулна.

  • Хотын форум болон хамтарсан симпозиум

Хот төлөвлөлтийн олон талт асуудлаар олон улсын форум болон хамтарсан симпозиумыг Солонгос болон Монгол улсад жил бүр зохион байгуулна.

  • Сургалт, судалгааны орон зай

Төслийн хүрээнд 250 м2 талбайд хотын дизайны төсөл гүйцэтгэх урлан, тоон загвар, симуляцийн лабораторийг интерактив орчин байхаар байгуулав. Урбан симуляцийн лаборатори нь өндөр хүчин чадлын техник хангамж, хот төлөвлөлтөд ашиглагддаг албан ёсны эрхтэй программ хангамжаар тоноглогдсон. Мөн хотын орчинд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан суурин болон гар ажиллагааны багажуудаар хангагдав.

"Хот ба бүс нутгийн төлөвлөлт"  магистрын хөтөлбөрт 2023 оны Намрын улиралд элсэж, амжилттай суралцаж буй 15 магистр оюутнуудад сургалтын тэтгэлэг гардуулав.