ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуулийн хамтарсан төслийн хүрээнд Архитектурын салбарын багш нар Парис хотноо харилцан туршлага солилцон ажиллав.

ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургууль нь өнгөрөгч онд буюу 2023.09.28-ны өдөр Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн хөтөлбөрийн 3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан. Төслийн хүрээнд ШУТИС, Барилга Архитектурын Сургуулиас  Ла Виллетийн Архитектурын Сургуульд 3 оюутан нэг жил буюу 2 семестрийн турш тэтгэлэгтэйгээр суралцах, 6 багш 2 мэргэжилтнийг богино хугацааны хамтарсан сургалт, семинарт оролцуулах, Францын талаас 2 багш, 2 мэргэжилтэн  Барилга Архитектурын Сургуульд хүрэлцэн ирж хамтарсан сургалт семинар зохион байгуулахаар тохиролцсон билээ.

Дээрх үйл ажиллагааны эхлэл болж БАС, Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, багш Б.Амаржаргал нар 2024.05.27-06.16 хооронд Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуульд хүрэлцэн очиж ажиллаад ирлээ. Гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн хамтарсан арга хэмжээний хүрээнд дараах ажлууд хийгдэв. Үүнд:

  • Хоёр сургуулийн багш нар Архитектурын магистрын хөтөлбөрийн хичээл болох “A-HMU-P902 Beyond Modernity. Detours in Asia. Ulaanbaatar and Phnom Penh” дипломын төслийн ажлын хичээлийг хамтран зохион байгуулав. Архитектурын салбарын багш нар уг төслийн хичээлийн хүрээнд Улаанбаатар хотод 2023 оны 9 дүгээр сард ирж газар дээрх судалгаа гүйцэтгэсэн франц оюутнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд 2024.06.14-ний өдөр дипломын урьдчилсан хамгаалалтад оролцож санал шүүмж өгөн ажиллав.
  • Парисын Хот төлөвлөлт хариуцсан агентлаг болох “APUR - Atelier parisien d'urbanisme - Paris Urbanism Agency”-д хамтарсан уулзалт зохион байгуулагдав. Тус уулзалтад APUR байгууллагын мэргэжилтнүүд, Ла Виллетийн Архитектурын Сургуулийн багш болон ахлах  багш А.Өэлүн, багш Б.Амаржаргал болон тус хотноо докторын дипломын ажлаа гүйцэтгэж буй Архитектурын салбарын ахлах багш С.Амгалан нар оролцов.
  • БАС, Архитектурын салбарын багш нар болон Хотын антропологийн судлаач, багш, 2013 оноос хамтран ажиллаж буй төслийн гишүүн  Marianata Palumbo нар Бельги улсын нийслэл Брюссель хотноо очин архитектур, хот төлөвлөлтийн нөхцөл байдалтай биечлэн танилцав.
  • Хамтарсан төслийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд суралцахаар сонгон шалгарсан БАС, Архитектурын салбарын хоёр оюутны баримт бичгийг бүрдүүлж,  эцэслэн тохиролцож Ла Виллетийн Архитектурын Сургуулийн албан ёсны урилгыг хүлээн авч оюутнууддаа гардуулан өгөв.

 

 

Архитектурын салбарын ахлах багш А.Өэлүн, багш Б.Амаржаргал