IV ДЭХ УДААГИЙН “ГАН ГҮҮР-2023” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Барилга, Архитектурын Сургууль (БАС)-ийн Барилгын инженерийн салбарын санаачилгаар монгол улсад “ГАН ГҮҮР” тэмцээнийг их, дээд сургуульд барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд 4 дэх удаагаа зохион байгууллаа. Тэмцээний зорилго:

  • Оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх. Үүнд:
    • Инженерийн байгууламжийн загварыг гаргах, төсөллөх, бүтээлчээр сэтгэх, шинэ санаа хэрэгжүүлэх
    • Эд ангиудыг өөрийн гараар бэлтгэн угсрах, турших замаар олон талт чадварыг олж авч, туршлага хуримтлуулах
    • Багаар ажиллах сахилга батад суралцан ажлыг урьдчилан төлөвлөх, төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх, материалын шинж чанар, бэлтгэх угсрах процесс, аюулгүй ажиллагааг хангах
  • Мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх ирээдүйн инженерүүдийг бэлтгэх
  • Азийн ган гүүрийн тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцох багийг сонгох.

Их, дээд сургуульд суралцагсдын хувьд суралцаж байх хугацаандаа олж авсан онолын мэдлэгээ практикт туршин хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд тэдний дунд тэмцээн уралдаан, олимпиад, эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулдаг билээ.  Тийм ч учраас бид  оюутнуудын хувьд багаар ажиллаж, өөрсдийн мэдлэг, чадвараар уралдах том талбар болгож “ГАН ГҮҮР” тэмцээнийг тогтмол явуулахаар шийдвэрлэн 2017, 2018, 2019 онуудад тэмцээнээ амжилттай зохион байгуулсан билээ. 2017 оны анхны тэмцээний эцсийн шалгаруулалтад ШУТИС болон МҮИС-ийн нийт 6 баг өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “АРАВТ” баг эзэлснээр Тайвань улсад болсон  Азийн Ган Гүүрийн 10 дахь удаагийн тэмцээнд оролцож, “Хотойлтын урьдчилсан таамаг”  номинацийн 1-р байрын эзэн болсон түүхийг бүтээж байв.

            2 дахь удаагийн “ГАН ГҮҮР-2018” тэмцээний эцсийн шалгаруулалтад Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиас 6 баг, Монголын Үндсэний Их Сургуулиас 2 баг, Техник Технологийн Дээд Сургуулиас 2 баг, Хүрээ Дээд Сургуулиас нэг баг оролцож, ерөнхий дүнгээр ШУТИС-ийн “Аравт-2” баг тэргүүн байр, ШУТИС-ийн “Найман ханат” баг дэд байрыг эзэлсэн.

Оюутны Ган гүүрийн 3 дахь удаагийн “ГАН ГҮҮР-2019” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль (БАС), хамтран зохион байгуулагчаар Техник Технологийн Дээд Сургууль (ТТДС) ажиллаж, 4 сургуулийн 9 баг өрсөлдөж байв. Ерөнхий дүнгээр Тэргүүн байранд ШУТИС-ийн “Аравт-3S” баг, Дэд байранд ШУТИС-ийн “Team Grit” баг шалгарч байсан түүхтэй.

Энэ жил “ГАН ГҮҮР-2023” тэмцээний дүрмийн дагуу оролцогч багууд 4,0~4,1 м урттай, 60см өргөнтэй энгийн дамнуруун гүүрийг төсөллөж, барилгын гангаар үйлдвэрлээд, өөрсдийн гүүрийн талаарх илтгэл тавьж, тэмцээний талбайд гүүрээ угсарч, ачаалж туршиж өрсөлдлөө. Бүтээсэн гүүр нь нийт 350 кГ ачааг аюулгүйгээр дааж байх ёстой байв. Оролцогч багуудыг “Угсралтын өртөг”, “Бүтээцийн өртөг”, “Нийт өртөг”, “Гоо зүй”, “Илтгэл” болон “Хотойлтын урьдчилсан таамаг” гэсэн 6 төрлөөр  шалгаруулж төрөл тус бүрт Тэргүүн ба Дэд байруудын эзнийг, мөн Ерөнхий дүнгээр Тэргүүн ба Дэд байрын эзнийг шалгаруулав.

Энэ удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалтад ШУТИС болон ТТДС-ийн нийт 10 багийн 80 гаруй оюутнууд оролцож байгаа бөгөөд 4-р сарын 21-ний өдөр Илтгэлийн төрөлд өрсөлдөж, өнөөдөр буюу 4-р сарын 22-нд Угсралтын хэсэг, Ачаалж турших хэсгийн шалгаруулалт явагдаж  эцсийн дүнгээ гаргалаа.

 

Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль болон Техник Технологийн Дээд сургуулиудад Барилга, Авто замын Инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас бүрдсэн (1) Challengers, (2) Erkast, (3) Golden-gate, (4) MUST CAD, (5) Alpha, (6) Voltron, (7) Ferrum, (8) Бат хийц, (9) Бүтээгч-Монгол, (10) Navi  гэх, нийт 10 баг оролцсон ба, Тэмцээний дүрмийн дагуу 6 төрөлд байр эзлүүллээ. Тухайлбал, тус тэмцээний:

  1. Илтгэлийн төрөлд:                 1-р байранд Alpha баг, 2-р байранд MUST CAD баг;
  2. Угсралтын өртөг төрөлд:       1-р байранд MUST CAD баг, 2-р байранд Navi баг;
  3. Бүтээцийн өртөг төрөлд:      1-р байранд Navi баг, 2-р байранд Golden-gate баг;
  4. Нийт өртөг төрөлд:                1-р байранд Navi баг, 2-р байранд MUST CAD баг;
  5. Гоо зүй төрөлд:                      1-р байранд MUST CAD баг, 2-р байранд Бүтээгч-Монгол баг;
  6. Хотойлт төрөлд:                    1-р байранд Ferrum баг, 2-р байранд Бүтээгч-Монгол баг байр эзэллээ.

Тэмцээний Ерөнхий дүнгээр Тэргүүн байранд Navi баг, Дэд байранд MUST CAD баг шалгарлаа.

 

 

Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулахад ШУТИС-ийн БАС-ийн захиргаа, “Баяр багш” сан, Барилгын инженерийн салбарын багш нар, тус сургуулийн төгсөгчдийн төлөөлөл болох 2011 онд Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр элсэгчид дэмжин ажиллалаа.

Азийн Ган гүүрийн “Asia Bricom” (Asia Steel Bridge Competition) 13 дахь удаагийн тэмцээн энэ оны 8-р сард Тайланд улсад зохион байгуулагдах бөгөөд ШУТИС-иас шалгарсан багийг оролцуулахаар бэлтгэж байна. Монгол оюутнууд Азийн тэмцээнд 3 удаа амжилттай оролцсон ба 2019 онд Индонез улсад зохион байгуулагдсан 12дахь удаагийн тэмцээнд оролцсон 16 багаас Ерөнхий дүнгээр ШУТИС-ийн “Triple S” баг тэргүүн байранд шалгарсан билээ. 2024 онд Азийн тэмцээнийг Монгол улсдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Зохион байгуулах комисс: Барилгын инженерийн салбар