БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

            ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэхэд оршдог.

            Энэ удаагийн хурлын онцлог нь “Монголын барилгын инженерүүдийн холбоо” доктор оюутны шилдэг илтгэлүүдийг, барилгын зөвлөх үйлчилгээний Н.Хосбаяр захиралтай “MHE ХХК” магистр оюутны шилдэг шилдэг илтгэлүүдийг, барилга угсралтын С.Сэнгэсамбуу захиралтай Жи Жи Ай ХХК нь “Барилга урлах эрдэм” 9 цуврал боть номоор тус тус ивээн тэтгэж оролцов.

Үнэлгээний комисст БАС-ийн ЭНБ дарга Б.Аюурзана, Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд, БАС-ийн дэд профессор Б.Лхагвадулам, дэд профессор М.Цас-Оргилмаа, ахлах багш Т.Мөнх-Өнөр, ахлах багш П.Өэлүн-Үжин нар ажиллаж судлагдсан байдлын дүгнэлт эшлэл, шинжлэх ухааны агуулга түвшин, үр дүн шинэлэг тал онол практик ач холбогдол, илтгэлийн чанар өгүүлэл стандарт баримталсан эсэх, асуулт хариулт гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэлээ.

Хурлын эхэнд Архитектурын салбарын ахлах багш П.Өэлүн-Үжин “Судлаач болох зам” нэртэй зочин илтгэлийг нийт оролцогч оюутнуудад зориулан хэлэлцүүлэв.

Магистр оюутны хурлын Тэргүүн байрыг Инженерийн байгууламжийн салбарын дэд профессор С.Хаснавч удирдагчтай Автозамын барилгын инженер мэргэжлийн магистрант Б.Баяржаргал “Төмөрбетон дам нурууг нүүрстөрөгчийн нийлмэл материал (carbodur, sica wrap)-аар хүчитгэх схемийг оновчлох туршилтын үр дүн” сэдэвт илтгэлээр;

Дэд байрыг Барилгын инженерийн салбарын ахлах багш Д.Гомбосүрэн ахлагчтай Барилгын инженер мэргэжлийн магистрант Ө.Халиун “Төмөрбетон каркасан барилгын газар хөдлөлийн ажиллагааг статик хүчний үйлчлэлд тулгуурлан үнэлэх аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт илтгэлээр;

Гутгаар байрыг Барилгын инженерийн салбарын дэд профессор П.Сэргэлэн удирдагчтай Барилгын бүтээц эдлэлийн технологи мэргэжлийн магистрант А.Насанбуян “Төрөл бүрийн файбер нэмэлттэй өөрөө нягтардаг хөнгөн бетоны судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.

Тэргүүн байр эзэлсэн Б.Баяржаргалд MHE ХХК-ийн 600 000 төгрөг, Жи Жи Ай ХХК-ийн “Барилга урлах эрдэм” 9 цуврал боть, кредитийн урамшууллыг, дэд байр эзэлсэн Ө.Халиунд MHE ХХК-ийн 400 000 төргөг, кредитийн урамшууллыг, гутгаар байр эзэлсэн А.Насанбуянд MHE ХХК-ийн 300 000 төгрөг, кредитийн урамшууллыг гардуулав.

Доктор оюутны хурлын Тэргүүн байрыг Барилгын инженерийн салбарын дэд профессор Р.Хишгээ удирдагчтай Барилгын инженер мэргэжлийн докторант Д.Уранчимэг “Бэхжилтийн ялгаатай орчин бетоны бат бэх, сүвэрхэг чанарт нөлөөлөх байдлын судалгаа” сэдэвт илтгэлээр;

Дэд байрыг Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор С.Чулуунхуяг удирдагчтай Усны барилга байгууламж мэргэжлийн докторант Н.Болдбаатар “Урьдчилсан цэвэрлэгээний тусламжтайгаар механик цэвэрлэгээний үр дүнг сайжруулах судалгаа” тус тус эзлэв.

Тэргүүн байр эзэлсэн докторант оюутан Д.Уранчимэгт Монголын барилгын инженерүүдийн холбооны 600 000 төгрөг, Жи Жи Ай ХХК-ийн “Барилга урлах эрдэм” 9 цуврал боть, кредитийн урамшууллыг, дэд байр эзэлсэн Н.Болдбаатарт Монголын барилгын инженерүүдийн холбооны 400 000 төгрөг, кредитийн урамшууллыг тус тус гардуулав.

Ивээн тэтгэж оролцсон Монголын барилгын инженерүүдийн холбоо, зөвлөх инженерийн MHE ХХК, барилга угсралтын Жи Жи Ай ХХК-д талархал илэрхийлье.

Нийт шалгарсан судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША