Барилгын Инженерийн Салбарын 60 жилийн ой

1959 онд анхны 23 оюутан Барилгын инженерийн ангид суралцаж эхэлснээр Монгол улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүх буюу Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн түүх эхэлдэг. Бид төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлсэн бол өдгөө барилгын мэргэжлийн бие даасан тэнхим болох БАРИЛГЫН КОНСТРУКЦИЙН тэнхим байгуулагдсанаас хойш нэгэн жаран өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Иргэний ба үйлдвэрийн барилга, ХАА-н барилга, Барилгын конструктор инженер, Цэргийн барилга, Барилгын инженер багш, Барилгын бүтээц эдлэлийн технологи, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Барилгын менежмент мэргэжлүүдээр нийт 6300 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан байна. Өнөөдөр тус салбарын бүрэлдэхүүнд 1964 онд байгуулагдсан Барилгын үйлдвэрлэлийн тэнхим, 1975 онд байгуулагдсан Барилгын материалын тэнхимийн залгамж халаа болсон багш ажилтнууд нэгдэн ажиллаж байна.

Төрөлх салбарынхаа 60 жилийн ойд зориулан бид дараах арга хэмжээг зохион байгуулж байна.

  • 2022-11-14-с 18-ны өдрүүд: Салбарын түүхэн гэрэл зургийн Үзэсгэлэн ШУТИС-II байр, 4-р давхарт
  • Оюутнуудад зориулсан Зөвлөх ба мэргэшсэн инженерүүдийн лекцийг 2022-11-10нд Зөвлөх инженер, “Заг” компаний үүсгэн байгуулагч Б.Нэмэхбаатар, мэргэшсэн инженер “Эдмон констракшн” ХХК-ний захирал Э.Ган-Эрдэнэ, 2022-11-11нд МУ-ын болон Буриад улсын Гавьяат барилгачин, Зөвлөх инженер Б.Жүгдэр, 2022-11-16нд Зөвлөх инженер Ц.Ганбат нар уншив.
  • 2022-11-12-нд БАС-ийн багш ажилтны спортын дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулагдсан.
  • Уламжлалт Барилгын механикийн олимпиад 2022-11-13-нд болж дүнгээ гаргасан.
  • 2022-11-18-ны өдөр “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” онол-практикийн бага хурал ШУТИС-ийн НС-ийн 604 тоот хурлын танхимд болно.

Барилгын инженерийн салбарт ажиллаж байсан нийт ахмадууд, дунд үеийнхэн, бүх үеийн төгсөгчид, хамтран ажиллагсад, нийт багш ажилтнууд, оюутнууддаа 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье