УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОНЦЕПЦ БОЛОВСРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. ЕРӨНХИЙ АГУУЛГА
1. ЗОРИЛГО

  • Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.

2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

  • Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.

3. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР

  • Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна.

4. ХУГАЦАА

  • Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна.

5. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/
  •  Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg/, үзэсгэлэн гаргах
  • Үзэсгэлэнгийн материал: Самбар 1.5х3.0м /даавуун хэвлэл/, хөлтэй самбар /1.6х0.6м/, товч танилцуулга /PowerPoint, Prezi/

6. ЗОХИОГЧИЙН ЭРХ

  •  Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
  •  Шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.
  •  Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч байгууллагын архивд үлдэнэ.
  •  Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулна.

7. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ

  • Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10:00 - 15:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.
  • Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 11 давхрын хурлын танхим/

8. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  •  Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;
  •  “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ

ХОЁР. ШАЛГАРУУЛАЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
9. КОНЦЕПЦЫН ШАЛГАРУУЛАЛТ

  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

Үзүүлэлт

Онооны бүтэц

Оноо өгөх хэлбэр

1.

Иргэд, олон нийтийн санал

10

Үзэсгэлэнгийн үеэр иргэд, олон нийтээс нээлттэй санал авч үнэлэх;

2.

Бүтээлд ирүүлсэн шүүмж

10

Үзэсгэлэнгийн   үеэр   хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын ирүүлсэн шүүмжийг үнэлэх;

3.

Ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлт

80

Концепцын уралдааныг дүгнэх комиссын гишүүд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх.

 

Нийт

100

-

10. КОНЦЕПЦЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны бүтээлд тавигдах шаардлагын дагуу боловсруулсан бүтээлийн агуулга, ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

Үзүүлэлт

Оноо

Тайлбар

1.

Хотын алсын харааг тодорхойлсон байдал

14

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлохдоо дэлхийн болон олон улс, Монгол Улсын хөгжлийн түвшинд гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлж хотын үнэт зүйл, давуу тал, онцлогийг илэрхийлсэн алсын харааг боловсруулсан байдал;

2.

Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдал

14

Улаанбаатар хотын хөгжлийн зорилгыг тодорхойлохдоо ирээдүйд бий болох нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж 2040 онд хүрэх зорилгыг тодорхойлсон байдал;

3.

Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлох

14

Улаанбаатар хотын алсын хараа, хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд салбар тус бүрд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон хөгжлийн зорилтуудыг боловсруулсан байдал;

4.

Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

14

Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо хотын хөгжилд

 

 

 

 

үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдол зэргийг үнэлсэн байдал;

5.

Ирээдүйн хөгжлийн төсөөлөл

14

Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйн дүр төрх, онцлог шинж чанарыг илэрхийлсэн дизайн бүхий хөгжлийн төсөөллийг боловсруулсан байдал;

6.

Бүтээлийг олон нийтэд үзүүлэх хэлбэр

5

Өөрсдийн боловсруулсан бүтээлийг олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр үзүүлэх материал бэлтгэсэн байдал;

7.

Танилцуулга /илтгэл/

5

Ажлын      хэсгийн      хуралд      өөрсдийн бүтээлийг танилцуулж, холбогдох асуултанд хариулж, бүтээлийг хамгаалсан байдал;

8.

Нийт

80

-

11.ШҮҮМЖИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд өгсөн хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын шүүмжийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

Үзүүлэлт

Оноо

1.

Хотын алсын харааг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

2.

Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

3.

Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

15

4.

Тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдалд ирүүлсэн шүүмж

15

5.

Ирээдүйн хөгжлийн төсөөлөлд өгсөн шүүмж

15

6.

Шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмж өгсөн байдал

25

12.ШАГНАЛЫН САН, ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • Нийт шагналын сан: 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг

Концепц:

  •  Шилдэг санаа: 20.000.000 /хорин сая/ төгрөг;
  •  4 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 5 сая төгрөг/.

Шүүмж:

  •  Шилдэг шүүмж: 2.000.000 /хоёр сая/ төгрөг;
  •  3 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 1 сая төгрөг/.

Жич: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулсан шилдэг 5 бүтээл шагналтай бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдэд шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмжүүдийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгоно.


ГУРАВ. УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРХ АВАХ
Уралдаанд оролцохыг хүссэн баг “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын 2612198311 (Улаанбаатар банк) тоот дансанд 999,000 төгрөг тушаасан баримттайгаа ирж уралдааны даалгавар болон холбогдох материалыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-аас цахим хэлбэрээр авна. Үүнд:

  1.  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны удирдамж;
  2.  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны даалгавар;
  3.  "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/;
  4.  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/. Дэвсгэр зураг ороогүй.

ДӨРӨВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
Оролцогчид зөвхөн зохион байгуулагч талд дараах асуудлын хүрээнд гомдол гаргаж болох бөгөөд бусад асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй.

  •  Зохиогчийн эрх зөрчигдсөн асуудлаар /Хувь хүн болон байгууллагын бүтээлийг хуулбарлаж оролцсон/;
  •  Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;
  •  Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;
“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон http://updi.ub.gov.mn/ сайтаас тус тус лавлана уу.