Орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээр Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын бараг тэн хагас нь оршин сууж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдлын төв цэг болсон. Нэг томоохон шалтгаан нь -40 хэм хүрдэг тэсгэм хүйтэн өвлийн улиралд гэр хорооллын айлууд монгол гэрийг дулаацуулахад ашигладаг нүүрсний хэрэглээ юм. 2018 оны байдлаар Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээ нэг сая тоннд хүрснээр агаарын бохирдол оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Монгол улсын засгийн газар, төрийн бус болон олон улсын байгууллагууд энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс цуврал арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд бүхий л шийдэл нь зөвхөн түлшний чанар, түүний хэрэглээг сайжруулахад чиглэсэн байдаг. Гэвч монгол гэрийн материал нь дулаан тусгаарлалт буюу дулаан хадгалалт муутай байдаг тул дээр дурдсан ажлуудын хэрэгжилт агаарын бохирдлыг хангалттай бууруулж чадаагүй. Энэ нь Монгол улсад баригдаж, ашиглаж буй нийт барилга байгууламжуудын хувьд түгээмэл анхаарах шаардлагатай асуудал болохыг онцлох нь зүйтэй.
Иймд Монгол улсын хувьд бусад улстай харьцуулахад барилга байгууламжийн дулаан тусгаарлалтыг сайжруулан эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах бусад арга хэмжээнээс хамгийн үр нөлөөтэй байна гэж дүгнэсэн. Энэ чиглэлээр мэргэшин ажиллах эрдэмтэн, мэргэжилтэн болон инженерүүдийн мэдлэг чадварын дутмаг байдал нь тулгамдсан асуудал болоод байна. Үүнд боловсролын байгууллагын оролцоо чухал үүрэгтэй юм.
Зорилго, чиглэл
Энэ төслийн зорилго нь Европын их дээд сургуулиудын эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн талаарх мэдлэг туршлагaaс хуваалцах, инженерчлэлийн болон байгаль орчны чиглэлд Монголын их, дээд сургуулиудын сургалтын чадавхыг нэмэгдүүлэх юм.
Их, дээд сургуулиудын шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, болон багшлах боловсон хүчнийг бэлдэх зэрэгт дэмжлэг үзүүлэх замаар дээрх зорилгод хүрэх боломжтой.
Төслийн тухайлсан зорилтууд:
- Бакалавр болон магистрын түвшинд эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн чиглэлээр шинээр хичээлийн хөтөлбөр боловсруулах, заагдаж буй хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах
- Холбогдох тоног төхөөрөмж, сургалтын материал болон цахим сургалтын хэрэгсэл аргачлалуудыг хөгжүүлэх
- Багшлах хүний нөөцөд хамтрагч их дээд сургуулиудтай мэдээлэл, мэдлэг солилцож, хамтран ажиллах талд дэмжлэг үзүүлэх
- Хамтрагч их дээд сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Төсөлд оролцож буй их дээд сургуулиудыг лабораторийн тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх
- Салбартаа ажиллаж буй инженерүүдэд сургалт явуулах
Төслийн үе шатууд
Энэ төслийг хэрэгжүүлэхээр Монголын талаас Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (МГТИС) Европын холбооноос Швед улсаас Лундийн Их Сургууль, Эстонийн Таллиний Техникийн Их Сургуулиуд хүрээлэн буй орчин, тэр дундаа сэрүүн бүсийн эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар дахь өөрсдийн туршлагаа хуваалцахаар хамтран оролцож байна. Төсөл нь нийт таван үндсэн үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:
- Ажлын Багц 1: Холбогдох судалгаа Хариуцагч – ШУТИС
Төслийн судалгааны хамаарал бүхий албан байгууллага, инженерүүд, барилгын компаниудаас судалгаа, санал асуулга авна. Энэ судалгаа нь ирээдүйд бэлтгэгдэх инженер, мэргэжилтнүүдийн мэргэших чиглэл, судалгааны салбарыг тодорхойлоход чухал үүрэгтэй юм.
- Ажлын Багц 2: Сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлт, хэрэглэгдэх лабораторийн тоног төхөөрөмж Хариуцагч - Лундийн Их Сургууль
Энэ шатанд хамтран оролцогч их, дээд сургуулиуд төслийн хүрээнд хөгжүүлэхээр төлөвлөсөн бакалавр болон магистрын түвшний хичээлийн хөтөлбөрийг боловсруулах буюу шинэчилж, сургалтын материал бэлдэх, лабораторийн тоног төхөөрөмжийг захиалж авах, багшлах боловсон хүчнийг бэлдэх зэрэг үйл ажиллагаа явагдана. Түүнчлэн сургалтын бүтэц, бүртгэл, амжилтай суралцах шалгууруудыг тодорхойлох нь энэ шатанд багтана.
- Ажлын Багц 3: Чанарын Баталгаажуулалт Хариуцагч - Таллинний Техникийн Их Сургууль
Үр дүнтэй хамтран ажиллах багуудыг бүрдүүлэх
Багш, оюутнуудаас төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийг судалсны дараах судалгаа авах
- Ажлын Багц 4: Олон нийтэд түгээх, хэрэгжүүлэх Хариуцагч - МГТИС
Оролцогч сургууль бүр төслийн талаарх цахим хуудас хийх
Европт оюутан солилцоогоор суралцах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх
Европын Холбооноос хамтрагч сургуулиуд болон хэрэгжүүлэгч сургуулиуд оролцсон олон нийтэд мэдээлэх өдөрлөгүүдийг зохион байгуулах
Лабораторийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын талаарх мэдээллийг хамтрагч сургуулиудад өгөх
Төслийг олон нийтэд хүргэх төлөвлөгөөг боловсруулж, ажиллах
- Ажлын Багц 5: Менежмент Хариуцагч - Лундийн Их Сургууль
Төслийн удирдагч, менежментийн баг, болон гүйцэтгэх багууд хамтран төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
Үр дүн
Энэ төслийн хүрээнд ШУТИС-ийн БАС-ийн хувьд бакалаврын 3 хичээлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулж гарын авлага, лабораторийн ажлын зааварчилгаа боловсруулах, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах, магистрын түвшний хүрээнд 2 хичээлийг шинээр боловсруулах ажлууд хийгдэж байгаа юм. Эдгээр хичээлүүдийг боловсруулан зааж эхэлснээр Монгол улсад тулгараад буй агаарын бохирдлыг бууруулахад шийдэл олох мэдлэг боловсролтой инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах болно. Үүнд:
- A.WHE 318 Дулаан хангамжийн шугам сүлжээ 3 кр. Энэхүү хичээл нь ХАС мэргэжлийн ангийн оюутнуудын заавал суралцах хичээл юм. Хичээлээр барилга байгууламж, хот суурин газрын дулаан хангамжийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй дулааны шугам сүлжээг эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай төлөвлөх, тооцох аргачлалыг судлана.
Төслийн хүрээнд хичээлийн хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах, лабораторийн ажлын гарын авлага, туршилтын заавар боловсруулах ажлууд хийгдэнэ.
- A.WHE 361 ХАСК-ын системийн хяналт, удирдлага 2 кр. Энэхүү хичээл нь ХАС мэргэжлийн ангийн оюутнуудын заавал суралцах хичээл юм. Хичээлээр халаалт, агаар сэлгэлт, кондиционерын системийн автомат удирдлага, хяналтын систем, түүний бүтэц, схем, тоног төхөөрөмжийг сонгох, тооцох аргачлалыг судална.
Төслийн хүрээнд хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, гарын авлага шинээр боловсруулах, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах, лабораторийн ажлын гарын авлага, туршилтын заавар боловсруулах ажлууд хийгдэнэ.
- A.WHE 383 Барилга дахь сэргээгдэх эрчим хүчний ашиглалт 2кр. Энэхүү хичээл нь ХАС болон Сантехникийн мэргэжлийн ангийн оюутнуудын сонгон суралцах хичээл юм. Хичээлээр сэргээгдэх эрчим хүч түүний төрлүүдтэй танилцан, барилга байгууламжийн дулаан, цахилгааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах технологи сонгох, тооцох аргачлалыг судална. Төслийн хүрээнд хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, гарын авлага шинээр боловсруулах, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах, лабораторийн ажлын гарын авлага, туршилтын заавар боловсруулах ажлууд хийгдэнэ.
- A.WHE788 Барилга дахь нарны эрчим хүчний хэрэглээ 3кр. Энэхүү хичээлээр нарны цацраг, нарны эрчим хүчийг хувиргах үндсэн зарчмууд, нарны дулааны эрчим хүчийг барилгад ашиглах технологи, төлөвлөлт, тооцооны аргачлалыг судална.
- А.ЕЕ789 Барилгын тооцоолол дах MATLAB-ын хэрэглээ 2кр. Ахисан түвшний оюутнуудад MATLAB программ хангамжийг ашиглан туршилт болон судалгааны өгөгдлөө боловсруулах, системийг загварчлах, тооцоолол хийх чадвар, дадлыг эзэмшүүлнэ.
БАС, CEBEC Төслийн багийн хамт олон